Эрчим хүчний зохицуулах хороо

Эрчим хүчний зохицуулах хороо
  • 2024-02-26
  • Тилеубек
  • Мэдээ мэдээлэл

2011 оны 12-р сарын 09-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газрын 2012 оны 2-р сарын 15-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулсан. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг Эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлнэ.

  Хорооны үндсэн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.